Луйварчдыг тэвчин өнгөрүүлдэг байсан
Бруно Грёнинг бүх хүмүүст эргэн өөрчлөгдөх боломж олгосон
Албадлагаар өгөх мөнгөн төлбөр – хамт ажиллагсад нь үнэн төрхөө харуулсан нь
Хүмүүс дэмжлэг үзүүлэх нэрийдлээр Бруно Грёнингт ойртсоор байлаа. Гэвч тэдний ихэнх нь түүний авьяас чадвараар зөвхөн ашиг орлого олох л сонирхолтой байсан юм. Түүнд иймэрхүү хүмүүс өөрийн эрхгүй татагдаж байлаа. Хэрвээ тэд зорилгодоо хүрч чадахгүй бол эсвэл Грёнинг тэднээс салсан тохиолдолд түүнийг олон дахин шүүхэд өгч, түүнээс албадан мөнгө гаргуулахыг оролдож байсан.
Жишээлбэл, хатагтай Хюлсманн нөхрийн хамт 1949 оны гуравдугаар сард хүүгий нь эдгээсэнд баярласан сэтгэлийн илэрхийлэл болгон Бруно Грёнингийг Херфорд дахь гэртээ зочноор авсан байдаг. Дараа нь тэрээр Грёнингөөс мөнгө олж чадахгүйгээ мэдэнгүүт түүний талаар хөдөлмөрийн шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр түүнийг гэртээ үнэ төлбөргүй байлгасан хугацаагаа ажлын цагт тооцож, цалингаа нэхэмжилжээ. Бруно Грёнинг амьдралынхаа туршид үхэн үхтэлээ түүнд сар бүр төлбөр төлж байсан аж. Энэ бол ганц тохиолдол биш байв. Иймэрхүү эсвэл үүнтэй төстэй хэлбэрээр түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс өөрийн үнэн нүүр царайг харуулж байлаа.
“Хүн гэж хэн бэ гэдгийг олж мэдэхийн тулд ийм хүмүүс байх шаардлагатай”
Харин Бруно Грёнинг яагаад ийм санаатай туслахуудыг өөртөө ойр байлгасан бэ? Яагаад иймэрхүү “мөнгө хийгчдийг” өөрөөсөө хол байлгаж болоогүй юм бол? Мюнхенд 1950 оны наймдугаар сарын 30-нд болсон лекцэндээ энэ асуудлаар тайлбар хийхдээ тэрээр: “Хүмүүс энэ жижигхэн хүний мэдлэг болон чадварыг нь ашиглан мөнгө олох оролдлого хийхээ ч орхихгүй юм. Тэд алтны уурхай олсон гэж бодож байсан. Тэдний зарим нь мөнгө олох боломжтой байсан хэдий ч бурханы авралаар энэ нь ашиггүй байсан юм. Хүн гэж хэн бэ гэдгийг олж мэдэхийн тулд ийм хүмүүс ч байх шаардлагатай бөгөөд хүний хүүрэн дээгүүр тоох ч үгүй алхан гарч, өвчтэй хүнээс танд туслах уу, үгүй юу гэж ч асуудаггүй хүмүүс байдаг. Хүүрэн дээгүүр гишгэн гарч, хэвтэж байгаа өвчтэй хүнийг зүгээр хараад өнгөрөх хүмүүс байдаг л юм. Ийм хүмүүс хэзээ тэр талаар асуудаггүй бөгөөд миний ойр орчинд байх оролдлогоо ч орхихгүй юм. Би олон газар “Тиймээ, хэрвээ энэ хүн үнэхээр их зүйлийг мэддэг юм бол яагаад үүнийг мэдсэнгүй вэ, аягүй бол тэр юу ч мэддэггүй байх” гэсэн асуулт гарч байдгийг мэднэ. Би мэдэж байж уу, үгүй юу гэдгийг та аажимдаа ойлгох болно. Гэвч энэ бол байх ёстой зүйл юм. Та бүхний замыг чөлөөлөхийн тулд ийм зүйл дутагдаж байжээ.”
“... дараа нь хүн бүр тэд хэн байв гэдгийг мэдэж авна”
Грете Хойслер (1922-2007), эдгэрэгч, Бруно Грёнингийн олон жилийн хамтран зүтгэгч бөгөөд “Бруно Грёнингийн - Анд нөхдийн хүрээлэл”-ийг үүсгэн байгуулагч. Тэрээр Бруно Грёнингийн болон түүний эргэн тойрон дахь бодит үнэн номондоо: “Би нэгэн удаа Бруно Грёнингд баяртай гэж хэлээд, сайн сайхныг хүсэнгээ: “Ноён Грёнинг, би танд өөрийн үйл хэргээ амар тайван хийгээсэй гэж хүсэж байна, мөн буруу хүмүүсийг өөртөө битгий ойр байлгаарай” гэж хэлтэл, “Маш буруу, ийм байх ёстой” гэж намайг гайхширтал хариулсан билээ. Тэр үед би түүнийг ойлгоогүй бөгөөд тэрээр яагаад энэ бүхнийг хийж, тэсвэрлэх ёстойгоо харин надад тайлбарлаж өгсөн юм. Үүгээрээ тэр надад маш том нууцыг тайлж өгсөн: “Хүн бүр өөртөө юу үүрч явдагийг би сайн мэднэ. Хэрэв би хүмүүст хандан ‘Энэ бол худалч, энэ бол луйварчин, хулгайч гэж хэлбэл хэн ч надад итгэхгүй. Би юу хийх ёстой вэ? Би эдгээр хүмүүсийг өөртөө татаж, сайн үйлд сурган, эргэн өөрчлөгдөх зүг рүү нь хөдөлгөнө. Тэгээд тэдэнд худал хэлэх, луйвардах, хулгай хийх боломжийг нь олгоно. Хэрвээ тэд муу үйлээ хийсээр байвал тэднийг хэн бэ гэдгийг бүгд мэдэх болно. Харин би тэднийг өөртөө улам бүр ойртуулах ба би айдаггүй тул тэдэнтэй тэмцэнэ’” гэж бичжээ.
Шинэ арга зам ба мухардал
Грёнингөөр наймаа хийгчид
Тусгай эрхтэй, өөрийгөө Грёнингийн менежер хэмээгч
Эхнэрээ эдгээж өгсөнд талархсан Вангероогегийн бизнесмэн Отто Мэкэлбург Бруно Грёнингт дэмжлэг үзүүлж, эмчилгээний газар байгуулах тодорхой төлөвлөгөөг түүнд үзүүлсэн байна. Бруно Грёнинг үүнийг зөвшөөрч, Мэкэлбург түүний “Менежер” боллоо.
12-р сарын сүүлээр тэр хоёр Вангерооге руу явжээ. Тэнд очоод Мэкэлбургийн зохион байгуулсан арга хэмжээнүүдэд Грёнинг оролцож, тоо тоймшгүй олон эдгэрлийн үйл хийжээ. Бруно түүнд бүрэн итгэж байлаа. 1950 оны 1-р сарын 8-нд Вангероогед хийсэн албан ёсны баталгаажсан мэдэгдэлдээ тэрээр өөрийн ирээдүйн үйл хэргийг Мэкэлбургийн гарт бүрэн даатгаснаа зарласан байна:
“Ноён Грёнинг ноён Мэкэлбургийн энэхүү төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, ноён Мэкэлбургийн санаачилсан холбоог үүсгэн байгуулахад болон тус холбооны ирээдүйн үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг хүлээх ба энэ зорилгод өөрийн бүх хүч чадлыг дайчлан ажиллана. Энэ үүргийг ноён Грёнинг ноён Мэкэлбургийн өмнө хувь хүнийх нь хувьд хүлээхээс гадна дээр дурдсан зорилгоор үүсгэн байгуулагдах холбооны өмнө ч хүлээнэ. Үүний зэрэгцээ ноён Грёнинг энэхүү хүлээсэн үүргээ бусад хүн, бусад хүмүүст ашиглуулж болохгүй. Тэрээр өөрийн үйл хэргийг зөвхөн холбооны эрхлэх ажлын хүрээнд, ноён Мэкэлбургтэй тохиролцож хийнэ."
Нэгдүгээр сардаа багтаан Мэкэлбург Грёнингийн анагаах арга барилыг судлах холбоо байгуулжээ. Тэрээр өөрөө гүйцэтгэх захирал болж, сар бүр 1000 дойч маркын цалин авч байжээ. Бруно Грёнинг ямар ч мөнгө авч байсангүй. Энэ нь Мэкэлбург амлалтаа биелүүлэхгүй байгааг харуулж байв. Тэрээр Грёнингийг зөвхөн мөнгөний эх үүсвэр гэж хардаг байсан ба түүнийг шоолон "жүчээн дэх шилдэг морь" хэмээн нэрлэгдэг байжээ. Өвчтөнүүд түүний хувьд хэн ч биш байв. Тэрээр Грёнингийг гэрээгээр далимдуулан өөртөө уяж, "гайхамшигт эдгээгч" түүний шаардсаныг хийх ёстой болсон юм.
Зөвхөн 1950 оны зургаадугаар сард Грёнинг Мэкэлбургээс салж чадсан бөгөөд үүнээс болж Мэкэлбург түүнээс өшөө авахаар "Би удахгүй Грёнингийг буулгаж авна. Би түүний бүх хавиргыг хугална" гэж тангараг тавьсан байна.
Лекц унших санал хүлээн авсан уламжлалт аргаар эмчлэгч
Үүний дараа Грёнинг Мюнхений уламжлалт эмчилгээний эмч Ойген Эндэрлинтэй хэдэн сарын турш хамтран ажиллажээ. Тэрээр Траберхофт эдгэрэл хүртсэн нэгэн байсан агаад Бруно Грёнингт түүний эмнэлэгт лекц унших санал тавьжээ. Гэвч Эндэрлин ч наймаа эрхлэгч нэгэн байсан нь тогтоогдсон юм. Тэрээр Грёнингт туслахыг хүсээгүй, харин “Грёнингийн гайхамшигт үзэгдэл”-ийг ашиглан мөнгө хийхээр санаархаж байсан юм. Тухайн оны сүүлээр Грёнинг түүнтэй ажиллахаа больсон ба 1952/53 онд дахин хамтран ажиллах оролдлого хийсэн ч өнөөх шалтгаанаас болоод бүтэлгүйтсэн билээ.
Гэнэт тодорсон эдгээгч
Дараа нь Грёнинг Грэхэлфинг хотын Вайкерсхайм зочид буудалд лекц уншдаг болжээ. Сэтгүүлч, доктор Курт Трамплер түүнийг гэртээ хүлээн авч, уулзалтуудыг зохион байгуулдаг байв. Тэрээр Грёнингийг 1949 оны намраас таньдаг байсан юм. Тэр үед тэрбээр Траберхофт Мюнхений нэгэн сонины сэтгүүлчийн хувьд хүрэлцэн ирж, хөлний өвчнөөсөө салсан юм. Баярлаж талархасныхаа төлөө тэрээр Их эргэлт нэртэй ном бичиж, төрийн байгууллагуудын өмнө Грёнингийн төлөө зүтгэж байжээ. Эндэрлинтэй хамт байсан үеийнх шиг Грэхэлфинг дэх лекцэнд хүмүүс их оролцдог байв. Итгэж, үнэмшихийн аргагүй эдгэрлүүд тохиолдож байжээ. Гэвч Трамплертай мөн л холбоогоо тасалсан юм. Тэрээр нэг л өдөр Грёнингөөс сурах зүйлээ сурчихлаа гээд түүнээс салж, өөрөө хүн эдгээдэг болсон аж.
Траберхоф-Розенхайм олон хүмүүсийн цугларалт
Тусламж хайсан 30 000 орчим хүн 1949 оны есдүгээр сард өдөр бүр Грёнингийн өмнө цуглардаг байсан
Хайделбергийн нотлох шалгалтын дараа 1949 оны 8-р сард Бруно Грёнинг Өмнөд Германыг зорьсон. Тэрээр түүний нэрийг тойрсон үймээн самуунаас хол байхыг хүсэн Мюнхений ойролцоох Розенхаймд нэгэн хувийн эдлэн рүү явжээ. Эхний үед тэрээр өөрийхөө байгаа газраа нууцалж чадаж байв. Гэсэн хэдий ч түүнийг Баваарт хүрэлцэн ирсэн тухай эхний сонины мэдээллээр хүмүүс бөөн бөөнөөрөө түүн рүү ирж эхэлсэн байна.
Өдөрт Розенхаймын Tрaберхофт 30 000 хүртэл хүн цугларч байлаа. Хэвлэл, радио, долоо хоног тутмын мэдээ сонин тухайн үйл явдлын талаар мэдээлж байлаа. Тэр ч байтугай "Грёнинг" нэртэй кино хийж, түүний эргэн тойронд болж буй үйл явдлыг баримтжуулж байв.
Библийн үзэгдэл
Цайтунгсблитц сонины есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн тусгай дугаарт: "Энэ хооронд 10000 гаруй хүн олон цагийн турш аагим халууныг үл анзааран агуу мөчийг хүлээж байтал Грёнинг тагтан дээр гарч ирэн, хүмүүст хандан үг хэлж, эдгээх эрчмээ түгээж байлаа. Хүмүүс түүний "эдгээх цацараг”-ийг бүрэн мэдрэхийн тулд өөр хоорондоо нягт шахцалдан шигүү зогсоцгооно. Удалгүй тэргэнцэр болон сандал дээр сууцгаах хүнд өвчтөнүүд, захад ганцаараа зогсох зарим нэгэн хүнд нөлөөлж эхэллээ. Хагас сохор хүмүүс дахин хараа орж, тахир дутуучууд босож ирэн, саа өвчтэй хүмүүс үе мөчөө хөдөлгөж эхэллээ. Олон зуун хүн өвдөж байсан биеийнх нь хэсэгт огцом хүчтэй өвдөлт мэдрэгдэж, татах, хатгах, ирвэгнэх зэргээр үгээр илэрхийлэхийн аргагүй “бие тайвшран хөнгөрч” байсан ба толгойн өвдөлт гэнэт алга болсон тухай мэдээлж байв" гэсэн байна.
Гэтэл зөвхөн "Tраберхoф"-т л библийн үзэгдэл шиг зүйл болж байсангүй. Грёнингийн очсон газар бүрт нэн даруй түүнийг тоо тоймшгүй олон өвчтэй хүмүүс бүчин авч байв. Анита Хөөне Сүнслэг эдгээгчид өнөөдөр номондоо Грёнингийн эргэн тойронд болж байсан үйл явдлыг бичсэн байдаг. “Грёнинг ирэх тухайгаа мэдэгдэхэд л эдгэрэх үйл явц эхэлдэг байжээ.. 1949 оны есдүгээр сард Мюнхенд хийсэн Грёнингийн ердийн айлчлалын үеэр ажиглагдсан үзэгдлийн тухай сэтгүүлч Рудольф Шпитц ингэж бичжээ:
"19.00 цагийн үед мянга мянган хүн Зонненштрассед хүлээж байв. 22.30 цаг болоход ч хүлээсээр л байна. Дайны таван жилийн хугацаанд би их юм үзсэн боловч Бруно Грёнингийн эсрэг талд дөрвөн цагийн турш сууж байхдаа зовлон шаналал дүүрэн жигшмээр цугларалтыг үзсэн шиг хэзээ ч цочирдож байгаагүй юм. Унаж татах өвчтэй хүмүүс, хараагүйчүүд болон доголончууд таяг тулан түүн рүү дөхнө. Эхчүүд тахир дутуу хүүхдүүдээ өргөн түүнд харуулна. Ухаан алдсан хүмүүс ч байна, уйлаан майлаан, тусламж хүссэн дуу хадна. Гуйна, хүснэ, санаа алдацгаана".
Эрх баригчид сайн санааны үйлийг хүлээн зөвшөөрөв
Анита Хөөнэ сэтгүүлч Рудолф Шпитцийн нийтлэлээс цааш нь иш татсан нь: “Дамнуурган дээр хэвтэх өвчтөнүүд, тахир дутуучууд, тэнд цугларсан бөөн хүмүүсийг өөр нэг Мюнхений сэтгүүлч, доктор Курт Трамплер ажиглаж байжээ. Трамплер бол Мюнхенер Аллгэмайнэ долоо хоног тутмын сонины туршлагатай сэтгүүлч бөгөөд зөвхөн өөрийн нүдээр харж, чихээр сонссон зүйлээ бичжээ: "Бид тагтан дээрээс Грёнингийн бус өөр хэн нэгний дуу хоолойг сонсон, цонхны зүг яарлаа. Мюнхен хотын цагдаагийн дарга Питцэр цугларсан хүмүүст хандан үг хэлж байна. Түүнийг олон жил зовоож байгаа шидрэх өвчин нь Грёнингийн хажууд байснаар илт сайжирсан аж. Питцэр бол хэт мэдрэмтгий ховсдох нөлөөнд автах хүн биш бөгөөд харин өөрт нь мэдрэгдэж, харж ажигласнаа баталж чадах нэгэн байсан. Одоо тэрээр олон нийтийн дунд Грёнингийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн бөгөөд Христын нийгмийн намын гишүүн, Парламентын гишүүн Хаген ч түүнтэй адил тайлбар хийлээ.”
Мөн Баваарын төрийн байгууллагууд Бруно Грёнингийг хүлээн зөвшөөрч байсан. Өдөр тутмын Мюнхенер Меркюр сонины 1949 оны 9-р сарын 7-ны “Грёнингт хандсан нинжин сэтгэл” гэсэн гарчигтай мэдээнд: “Баваар мужийн ерөнхий сайд доктор Эхард даваа гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр Бруно Грёнингийн үйл хэргийг “ер бусын үзэгдэл” гээд түүнд хуулийн зүйл ангиар саад болж болохгүй гэж мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар Баваар мужид Грёнингт эдгээх зөвшөөрөл олгоход саад болох зүйлгүй гэжээ.
Баваар мужийн Дотоод хэргийн яам сонины редакц дууссаны дараа: “Бруно Грёнингийн эдгээх чадварт хийсэн урьдчилсан шалгалтаар үүнийг “буяны үйл” гэж үзэж болохоор байгаа тул Уламжлалт эмчилгээний хуулийн дагуу зөвшөөрөл шаардлагагүй” гэсэн мэдэгдэл гаргажээ”.
Нэр төрийг гутаасны дараа эдгэрлийг бүртгэсэн эмнэлэгийн баримт материалууд
Траберхофт Грёнингийг тойрсон том хөл үймээн болов. Түүний гайхалтай чадвараар ашиг олох гэсэн хүмүүс олширлоо. Тэд түүний нэр төрийг гутаан доромжилсоноор, эрх бүхий байгууллагууд түүнээс зай авахад хүргэсэн юм. Байдал улам хүнд болох үед Грёнинг Баваарын уул руу нүүжээ. Тэрээр эмчилгээний газар байгуулах зарим саналыг зөвшөөрөх тухай ч бодож байв. Түүний туйлын хүсэл бол тусламж хайгчдыг эмх замраатай байдалд оруулан эдгээх явдал байлаа. Эмч нар урьдчилсан ба эдгэрлийн дараах үзлэгийг Хайделбергийн загвараар хийж, эдгэрлийн явцыг баримтжуулах ёстой байсан юм.
Ажил мэргэжил ба амьдралын чухал үе шатууд
Ирээдүйн үйл хэрэгтээ бэлдсэн нь
Албан шахалтаар орсон болон төгсөлгүй орхисон сургуулийн он жилүүд
Улсын сургуулийн 5 дугаар анги төгссөний дараа Бруно Грёнинг худалдааны сургуульд элсэн суралцжээ. Гэвч хоёр жил хагасын дараа аавынхаа шахалтаар энэ сургуулиас гарсан байна. Барилгын өрлөгчин тэрбээр хүүгээ мөн л барилгын мэргэжил эзэмшихийг хүсэж байжээ. Ингээд түүнийг мужааны мэргэжилд сургасан боловч бас л төгсөж чадаагүй юм. Дайны дараах хүнд хэцүү цаг үе ийм боломж олгосонгүй. Сургалт дуусахаас 3 сарын өмнө түүний суралцаж байсан компани захиалгагүйн улмаас хаагдах болсон. Үүний дараа тэрээр олон төрлийн ажил хийж үзжээ. Эгон Артур Шмидт тухайн цаг үеийн талаар бичихдээ:
“Эхлүүлсэн ажил болгондоо тэрээр амжилт олсон”
“Энэ тухай хамт ажиллаж байсан олон хүн түүний нэгэн онцгой чанарын талаар “цаг засаж байхдаа ч тэр, радио хүлээн авагч засахдаа ч тэр, сантехникчээр ажиллаж байхдаа ч тэр эхлүүлсэн ажил болгондоо тэрээр амжилт олсон гэж ярьж байжээ. Тэрээр техник их сонирхдог байсан. Түүнчлэн хүнд хүчир, биеийн хөдөлмөр шаардсан ажил хийхээс ч тэрээр ичиж, зовдоггүй байв. Боомтын ажилчны хувьд тэрээр бусад нөхдийн нэгэн адил хар ажил хамтран хийдэг байжээ. Өндөрлөгт хүрэх түүний зам гүн ёроолоор дайрч гарна гэдгийг ч тэрээр нуудаггүй байв. “Намаг балчиг туулаагүй хэн боловч гэгээнтэн болох нь үгүй” гэсэн эртний хятадын нэгэн зүйр үг байдаг. Урьд нь хамтран ажиллаж байсан олон нөхдийнх нь хангалттай гэрчлэл байдаг бөгөөд саяхан би нэгийг хүлээн авсан ба Бруно Грёнингтэй нэг жил хамтран ажилласан, тэр өөртэй нь таарсан хамгийн сайн, хамгийн төлөв төвшин анд нөхөр агаад түүнийг сайнаар дурсаж байдаг хэмээн ямар ч тайлбаргүй, зүгээр л санагалзаж буйгаа гэрчлэлдээ бичжээ.”
Гэрлэлт ба гэр бүлийн хүнд цохилтууд
21 насандаа тэрээр гэр бүлтэй болжээ. Гэвч эхнэр нь түүнийг ойлгодоггүй байв. Эхнэр нь түүнийг хөрөнгөтний гэр бүлийн амьдралд байлгахыг хүсч , анагаах увьдисыг нь “хачин зуршил” хэмээн хүлээн зөвшөөрдөггүй байжээ. 1931 болон 1939 онд төрсөн Харальд ба Гюнтер гэх хөвгүүд нь хоёулаа есөн настайдаа нас баржээ. Тоолж баршгүй олон хүнийг Бруно Грёнинг эдгээсэн боловч Гертруд Грёнинг нөхрийнхөө анагаах увьдист итгэдэггүй байв. Тэрээр хүүхдүүдээ түүнд бус эмч нарт даатгадаг байжээ. Гэвч анагаах ухаан тус болж чадаагүй юм. Хоёр хүү хоёулаа эмнэлэгт нас барсан байна. Харальд 1939 онд Данцигт, Гюнтер 1949 онд Дилленбургт. Энэ бол Бруно Грёнингийн хувьд хувь заяаны хүнд цохилт байлаа. Олон жилийн дараа ч хөвгүүдийнхээ тухай тэр нулимс асгаруулан ярьдаг байжээ.
Ийнхүү дэлхийн хоёр дайны хоорондох цаг хугацаа түүний хувьд хожмын үйл хэргийнх нь бэлтгэл үе байсан юм. Тэрээр хүмүүсийг амьдралын бүхий л үед нь ойлгож, тэдний зовлонг хуваалцахын тулд өөрөө гашуун зовлон амсжээ.
Дайны фронтод ч, олзлогдсон үедээ ч - буудахын оронд тусламж үзүүлж байв
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1943 онд тэрээр Германы армид татагджээ. Гэвч дарга нартайгаа тэрсэлдэж эхэлсэн байна. Хүн буудахаас татгалзсаны улмаас түүнийг цэргийн хээрийн шүүхээр сүрдүүлж байв. Гэсэн ч эцэст нь тэрээр фронт руу арга буюу явжээ. Тэрээр шархдан, орос цэргүүдэд олзлогдон, 1945 оны эцсээр Баруун Германд дүрвэж иржээ.
Дайны үед ч Бруно Грёнинг өөрийн зангаараа бусдад туслахад бэлэн байлаа. Фронтод байхдаа тэрээр боломж нэг бүрийг алдахгүй ашиглаж бусад цэргүүд болон энгийн иргэдэд тусалж байлаа.
Оросын нэгэн тосгонд байхдаа тэр өлсгөлөнд нэрвэгдсэн оршин суугчдад армийн хүнсний агуулахад орох боломж олгож байжээ. Олзлогдоод цэргийн хорионд байхдаа тэрээр бусад нөхдөдөө сайн хувцас, сайн хоол, сайн орон байр олгохын төлөө тэмцэж байсан. Өлсгөлөнд нэрвэгдэж, харангадсан үй олон хүнийг тэрээр эдгээж өгсөн юм. Дайны аймшигт үеэр тэрээр ганц ч хүнийг хөнөөгөөгүй бөгөөд тоймгүй олон хүнд тусламж үзүүлжээ.
Гэр бүл салалт ба бүх хүмүүст өөрийгөө зориулсан нь
1945 оны 12 дугаар сард тэрээр олзлолтоос суллагдаж, Хессен мужийн Дилленбург хотод амьдралаа шинээр эхлүүлж, гэр бүлээ авчиржээ. Хоёр дахь хүү нь нас барсаны дараа эхнэр нь түүнийг бусдад тусламж үзүүлэх бүрт хориг тавьж байсан тул тэрээр эхнэрээсээ салжээ. Тэрээр өөртөө байгаа анагаах эрч хүчийг бүх хүмүүст зориулах нь өөрийн үүрэг гэж үзсэн. “Би хэн нэгнийх бус, би хүн төрөлхтөнийх” хэмээн хэлж байжээ.
1949 оны эхээр тэрээр Рурын сав газрын нутагт ирэв. Эдгэрсэн зарим хүмүүсийн мэдээллийн дагуу маш олон хүн Бруно Грёнингийг сонирхох болжээ. Тэрээр нэг байшингаас нөгөө байшинд, хаана өвчтэй хүн тусламж хүсч байна, хаана тэр хэрэгтэй байна, тэр газар руу очиж байлаа. Хүүгээ үзүүлэхийг хүссэн Херфорд хотын нэгэн инженерын урилгыг 1949 оны гуравдугаар сард хүлээн авах хүртлээ тэр жижиг хүрээнд хүмүүст тусалж байжээ.
Хүүхэд нас ба өсвөр үе
Зодуулж, шоолуулж, үл ойлголцож, хүлээн зөвшөөрүүлсэн - бусдаас өөр хүүхэд байсан
Хүнд хэцүү орчноос зугтаж байгальд ирээд: “Энд би бурхантай учирсан” гэдэг байв
Бруно Грёнинг нь 1906 оны 5-р сарын 30-нд Данциг-Олива хотод Аугуст ба Маргарете Грёнингийн гэр бүлд долоон хүүхдийн дөрөв дэх хүү болон төрсөн. Түүний эцэг, эх нь хүүгийнхээ ер бусын гэдгийг бүр дээр үеэс мэддэг байсан. Жишээ нь: аймхайд тооцогддог туулай болон гөрөөснүүд түүн рүү ирж, айхгүйгээр илүүлдэг байлаа.
Бруно Грёнинг өсөж томрох тусам, түүний эргэн тойрон түүнд улам л өөрийн биш юм шиг санагддаг болсон. Хааяа гэртээ хөх эрээн болтлоо зодуулдаг байсан тухайгаа Грёнинг ярьдаг байжээ. Тэрээр зодуур түүний биеийг ердөө ч өвтгөдөггүй байсан, харин өөрийг нь хэн ч ойлгодоггүйг мэдэрдэг байсан гэж дурсдаг байжээ.
Хүнд хэцүү орчноосоо залхан, бяцхан Бруно байгаль руу зугтдаг байсан байна. Тэр зарим нэг хүмүүсээс илүү амьтан, мод ургамалд илүү татагдаж байв. Жаалхүү ойролцоох ойд очиж, хэдэн цагаар ч болов алга болдог байжээ.
“Энд би бурхантай учирсан. Бут сөөг бүрт, мод бүрт, амьтан бүрт, тиймээ бүр чулуунд хүртэл би бурханыг мэдэрч байлаа. Хаана ч хамаагүй хэдэн цагаар - цаг хугацааны ойлголт байдаггүй байсан – зогсоод эргэцүүлэн бодохоор надад үргэлж миний дотоод амьдрал хязгааргүй орчин уруу улам тэлж байгаа мэт болдог байсан.”
Тэр өөрийн үе тэнгийнхний зодоонд оролцдоггүй байв. Учир нь тэр ихэнхдээ тоглоом дохууны гол бай болж, бусдаас онцгой байдгаасаа болж байнга зодуулж, шийтгүүлдэг байлаа.
Хүн ба амьтны эдгэрэл
Цаг хугацаатай хамт Бруно Грёнинг бүхий л талаараа танигдаж, энэ нь сүүлдээ түүнийг олон нийтийн анхаарлын төвд авчирсан юм. Түүний ойр орчинд байгаа хүмүүс болон амьтад эрүүл болж байлаа. Ялангуяа, дэлхийн 1-р дайны үед цэргийн хээрийн эмнэлгүүдээр байнга очдог байсан ба тэнд түүнийг хүмүүс харах дуртай байв. Түүнийг ирэхэд шархадсан хүмүүсийн бие сайжирч, улмаар эрүүл болж байлаа. Та жаахан хүү Брунотойгоо ирээч гэж өвчтэй хүмүүс ээжид нь хүсэлт тавьж байсан байна. Гэр бүл болон танилын хүрээнд хүүгийн эдгээх чадварыг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм.
Бие даасан байдлыг хүсэмжилсэн нь
“Намайг жаахан хүүхэд байхаас л эхлэн миний ойр орчинд байсан өвчтэй хүмүүс эдгэрч, мөн сэтгэлийн хөөрлөөсөө болж хэрүүл маргаан хийж байсан хүүхэд болон томчуул намайг хэдэн үг хэлэхэд л чив чимээгүй болдог байв. Угийн аймхай эсвэл аюултай араатанд тооцогддог амьтад ч миний хажууд ирэхээрээ зөөлөн, номхон болдог байсныг би хүүхэд байхаасаа л анзаарсан. Гэтэл аав, ээжийнхээ гэрт харин ч эсрэгээрээ сонин бөгөөд түгшүүртэй байдаг байсан. Удаачгүй би бие даан амьдрахыг хүсэмжлэх болж, гэр бүлийнхээ “буруу ойлголт”-оос ангижрахыг хичээх болсон” гэж Бруно Грёнинг намтартаа бичиж байжээ.