“Түүний үг өвчин зовлонг үлдэн хөөж байна”
Шүүх хурлууд болон эдгээх хоригийг үл харгалзан эдгэрэлүүд үргэлжлэн тохиолдсоор
Гадаад эдгэрэл ба дотоод өөрчлөлт
Эдгээр маргаан тэмцлийн үед ч Бруно Грёнингийн үйл хэрэг цааш үргэлжилсээр байв. Анагаах ухааны мэргэжлийн сэтгүүлч, доктор Хорст Манн Дас Нойе Блатт сэтгүүлийн 1957 оны “Түүний үг өвчин зовлонг үлдэн хөөж байна” гэсэн гарчигтай нэгэн цуврал өгүүллэгтээ дараах мэдээллийг өгсөн байна. Үүнд:
“Дараагийн өглөө нь би Хамелнаас Дайстерт байдаг жижиг хот Шпринге рүү явлаа. Энд ч гэсэн Грёнингийн бүлэг байгуулагдсан байв. Олон хүмүүсийн эдгэрэл нь үүнийг байгуулах эхлэлийн гол цэг нь байжээ. Энд ч мөн Шлесвиг-Холштайны суурин газрууд, Аугсбург, Хамелн, Вена, Плохинген ба бусад хотуудын нэгэн адил хүмүүс босон өөрсдийн өвчин зовлонгийн талаар мэдээлж байв. Тэд надад өөрсдийг нь эмчилж байсан эмч нарын нэрсийг хэлсэн. Тэд өөрсдийнхөө эдгэрэлийн талаар мэдээлж, Брунод талархаж байгаагаа дурдаж байв. Түүнчлэн тэд энэ тухайгаа гараа өргөн тангаргалан батлахад хэзээд бэлэн байсан.
“Намайг бүр нялх байхад хоёр талын түнхний яс маань мултарсан” гэж Ханноверээс ирсэн 50 настай Юли Прохнерт ярьж байсан. “Дараа нь би зөвхөн суга таягтай л явдаг болсон. Эмч зөвхөн миний өвдөлтийг л багасгаж чаддаг байлаа. Бруно Грёнингийн илтгэлийг сонсоод надад маш хүчтэй өөрчлөлт явагдсан. Бараг л бүтэн тахийсан нуруу маань тэгшхэн болсон. Би дахин явж чаддаг болсон ба дахин өвдөөгүй...”
“Би үе мөчний өвчтэй, үргэлж л тууралт ба буглаа гарч зовдог байсан. Ноён Грёнинг намайг үүнээс салгаж өгсөн” гэж Хамелнаас ирсэн Вилхэлм Габберт хэллээ.
“Би цөсний өвдөлтөө зөвхөн морфиум тариа хийлгэж л тэсэн гардаг байсан” гэж Эвэсторфоос ирсэн Курт Северит мэдээлж байв. “Брунод баярлалаа, тэр намайг өвчин шаналалаас чөлөөлж өгсөн.”
“Миний сахарын хэмжээ их өндөр байсан” гэж Шпрингэгээс ирсэн Роберт Тийс ярив. “Бас бүр аюултай нь миний зүрхний булчин сулралтай байсан. Одоо энэ хоёр зовлон намайг зовоохооргүй болсон. Үүний төлөө би ноён Грёнингт талархаж байна.”
Энэ бүхэн цаашаа ийнхүү үргэлжлэх болно. Бүх насны хүмүүс надад мэдээлэл өгч байлаа. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд. Толгой өвдөлтөөс эхлээд, мэдрэлийн үрэвсэл, суудлын өвчин, бөөрний болон цөсний чулуугаар зовиурлах, зүрхний хэмнэл алдалт болон саажилт зэрэг олон өвчнийг тоочиж байсан.
Гэвч тэнд миний сэтгэлийг их хөдөлгөсөн бас нэг өөр зүйл ажиглагдсан. Тэдний олонхи нь Грёнингтой холбогдсоноор дотооддоо өөрчлөгдсөнөө мэдэрсэн тухайгаа нийт хүмүүсийн өмнө зоригтойгоор ярьж, тэднийг бүгд л сонсоцгоож байлаа. Амжилтын төлөө хэт улайрах болон аминч хандлага нь өөрчлөгдөж, дотоод амар амгалан хийгээд нийтийн төлөө сэтгэлд умбах болжээ”.
Өөрийн итгэл үнэмшил нь хүн бүрт эдгэх үр дүнг авчрах боломжтой
Доктор Хорст Манн цааш нь: “Брунотой холбогдсоноор эрүүл болсон талаар хүмүүстэй ярилцсан тэр бүх ярианаас надад нэг л зүйлийг зайлшгүй асуумаар болж байсан. Эдгэрэл хүн бүрт амжилттай явагдсан уу эсвэл бүх өвчинд нэгэн адил боломжтой байв уу? Грёнингөөс гарч буй хүч чадлын хязгаар нь хаа хүртэл байв? Аюул тулгарч байсан уу? […]
Би түүнтэй сүүлийн удаа уулзахдаа дээрх асуултыг тавихад тэрээр: “Би ямар ч хүнийг хүчилж чадахгүй, үүнийг хүсэх ч үгүй” гэж хариулж билээ. “Хэрэв хэн нэгэн хүн өөрийгөө дотроо түгжиж, эрч хүчийг эмх цэгцтэй хүлээн авахад бэлэн бус байвал би ч бас түүнд хүрч туслахад бэлэн биш. Тийм хүмүүсээс би эдгэх явцад саад болж байгаа муу хүчний оньсыг мултал гэж шаарддаг.”
Надад бас нэг асуулт байсан: “Өвчин бүхэн янз бүр бас аюултай байдаг. Олон эмчид үзүүлээд орхигдсон маш хүнд өвчтэй хүн байна гэж бодъё. Түүний төлөө тэмцэж байгаа эмч нь таныг дуудъя. Та түүнд тусалж чадах уу?”
“Мэдээж хэрэг” гэж Грёнинг хариулав. Тэрээр ямар ч эргэлзээгүйгээр хэлсэн юм. ”Хэрэв тэр өвчтөн итгэж үнэмшээд, эмч нь түүнд итгэж байвал үр дүн зайлшгүй гарна. Хамтын итгэл найдвар нь өвчтөнд таашгүй их хүч чадлыг бий болгодог. Маш их эргэлзэж байсан өвчтөн эцсийн найдвар гэж тэр үед л үр дүн нь ихэнхдээ маш хурдан ирдэг юм шүү дээ.”
Грёнингийн Холбооноос салсан нь
Хохирол болон дүгнэлт гаргах цаг хугацаа
Хүний үнэргүй хүнд сурталтнууд Грёнингийн мөнгөн торгуулийг төлөх ёсгүй гэв
1957 оны аравдугаар сард Бруно Грёнинг болон Грёнингийн Холбооны гүйцэтгэх удирдлагын хооронд маргаан дэгдэв. Хүний үнэргүй хүнд суртлын улмаас Холбоо Бруно Грёнингт их хохирол учруулсан юм. Маргааны шалтгаан нь богино хугацаанд 2000 дойч маркын мөнгөн торгууль төлөх шүүхийн тогтоол байсан. Тэр хүмүүст үнэ төлбөргүй тусалдаг байсан учраас санхүүгийн хангалттай эх үүсвэр байхгүй. Иймд Грёнингийн Холбоо шүүх хурал эхлэхээс өмнө шүүхээс гарах зардлыг хариуцна гэсэн шийдвэр гаргасан байжээ. Гэвч мөнгөн торгууль зардалд орох эсэх тал дээр Холбооны удирдах зөвлөл санал зөрөлдсөн. Ингээд Холбоо 2000 дойч маркын торгуулийг төлөх үүрэг хүлээх ёстой эсэхтээ шалгалт явуулахыг хүссэн байна. Зөвхөн үүний дараа л хөрөнгө мөнгө гаргах асуудлыг шийдэх болсон байна. Ингэснээр мөнгө бүтлээ гэхэд шаардлагатай хөрөнгийг Бруно Грёнинг цаг хугацааны хувьд их оройтож авахаар болсон юм. Ийнхүү Бруно Грёнинг тогтоосон торгуулийг төлж чадахгүй бол шоронд хоригдох нөхцөл байдал үүссэнийг Холбоо юу ч хийлгүй дэмий харж, цаг нөхцөөж байжээ. Үл ойлголцлол ил тод болж, эцэст нь хагаралд хүргэсэн байна.
Хуурамч найзууд
Бруно Грёнинг Холбооны үйл ажиллагаанд хийсэн 62 хуудас бүхий дүгнэлтэндээ xолбоо түүнийг хохироосон бүхий л зүйлийн талаар дэлгэрэнгүй авч үзжээ. Эцэст нь нэгтгээд дараах тайлбарыг хийжээ: “Хэрэв би өнөөдөр миний эргэн тойронд өмнө нь байсан хүмүүсийг (завшигчид болох Мекелбург, Эндерлин, Шмидт ба Хюлсман) одоо байгаа хүмүүстэй (Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд) харьцуулж үзэх юм бол нэг л үр дүнд хүрч байна. Өнөөдөр яг л тэр үеийнх шиг зүйл болж байна. Өнөөдөр миний хамгийн сайн, ойр дотны гэх найзууд маань тэр үеийн хэд шиг болоод байна. Тэр үед намайг бохир гартнууд хуурсан. Өнөөдөр болохоор миний найзууд намайг шүүх хурлаар орж, шүүхийн шийдвэрээр шийтгүүлж байхад ямар ч тусламж дэмжлэг үзүүлсэнгүй, унаагүйн улмаас бүлгийн уулзалтанд очиж чадахгүй байх үед ч тэр, хэвлэлийн шуугианы эсрэг юу ч хийгээгүйгээс болж хүмүүсийг төөрөгдөлд оруулсан учир надад хүмүүс хэрэгтэй үед хэн ч миний төлөө ирээгүй, уг нь тэд боловсрол, нийгмийн байдлын хувьд надад туслаж дэмжиж чадах, улмаар туслах ёстой хүмүүс энэ ертөнц дээр би зөвхөн нэг л удаа юуны төлөө ирээд байгааг минь хийлгэхгүй, чимээгүй харж, намайг хуурцгаалаа.
Энэ найзуудын маань аль нь ч өөрийгөө бүрэн зориулж, намайг чөлөөлж суллуулахын төлөө тэмцээгүй бөгөөд миний төлөө тэмцэх зүрх зориг ч тэдэнд байгаагүй юм. Юу ч хийгээгүй. Хүнд суртал гарган өчнөөн тогтоол шийдвэр л баталж байсан. Тэдний хэн нь ч миний төлөө зүтгээгүй, шүүх хурлын үеэр ч, хэвлэлийн эсрэг ч, туслахуудтай хэрэгтэй байхад ч, унаа эвдэрсэн үед ч, доромжлол гүтгэлгийн эсрэг гэх мэт, гэх мэтэд. Би энэ хорвоод юуны тулд ирсэн, тэр зорилгодоо би хүрч чадах ёстой: хүмүүст амьдралын эрч хүчийг дамжуулах болон хүмүүсийг итгэл үнэмшилтэй болгоход тэднийг чиглүүлэх.
Би үүнийг хийхийн тулд байнга амар амгалан байх ёстой бөгөөд дахин дахин хорвоогийн явдал хийгээд гадны нөлөөнд автаж болохгүй юм. Надад заяасан үйл хэргээ хориг саадгүйгээр тайван хийхийн тулд хамгаалалтын далан үнэхээр хэрэгтэй байсныг миний найз нарын болон миний найз нөхөр болохыг хүсэгчдийн хэн нь ч бодож байсангүй. Ингээд энэ бол хамгийн ичгэвтэр бөгөөд миний хувьд сэтгэл гутарсан зүйл болсон юм:
- Завшаан хайгчид өөрсдийн ашиг орлогыг олохыг хүссэн, тэд муу хүмүүс болохоо таниулсан.
- Грёнингийн Холбооны нөхдүүд болохоор хэт хайхрамжгүй, хэт хойрго, дэндүү хайнга байсан бөгөөд би тэднийг хорон муу гэж хэлмээргүй байна.
Тэгээд үр дүн нь яг л адилхан болсон: Би эрх чөлөөтэй болсонгүй. Грёнингийн Холбооны Удирдах зөвлөлийн нөхдүүд амлалтаа биелүүлсэнгүй. Намайг бүхий л аргаар дөнгөлсөн дөө.”
Холбоо ирээдүйгүй болов
Вайсер огцорсноор төрийн бус байгууллагын бүртгэлд хэзээ ч бүртгэгдээгүй Грёнингийн Холбоо тун удалгүй татан буугдсан байна. Түүний оронд Оюун санааны сүнслэг ба амьдралын төрөлхийн үндсийг дэмжих нийгэмлэг байгуулагдсан байна. Нийгэмлэг 1958 онд байгуулагдаж, германыг хариуцсан тэргүүлэгчээр Эрих Пелц, австрийг хариуцсан тэргүүлэгчээр Александр Лой нар сонгогджээ. Гэвч Бруно Грёнингийг амьд ахуй цагт байгуулагдсан сүүлчийн олон нийтийн энэхүү байгууллага ч түүний хүсэн хүлээж байсан зүйлийг хийж чадаагүй юм. Тэр байтугай нийгэмлэгийн дүрэмд хүртэл түүний нэрийг оруулаагүй байна.
Шүүхийн шүүн таслах ажиллагаа (1955-1957)
Бусдыг санамсаргүй алсан хэргээр ял тулгаж, хэргийг хэрэгсэхгүй болгон, эдгээх үйлийг хориглосон нь
1955 оны гуравдугаар сарын 4-нд Прокурорын газраас Бруно Грёнингийн эсрэг шинээр хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлджээ. Түүнд уламжлалт эмчилгээний хуулийг зөрчсөн ял дахин тулгасан байна. Яллах дүгнэлтийн өөр нэг зүйл бол түүнийг бусдыг санамсаргүй алсан хэрэгт буруутгасан явдал юм.
Грёнинг эдгээнэ гэсэн амлалт өгч, эмчид үзүүлэхийг хориглосон гэх худал мэдүүлгийг эсэргүүцсэн нь
Түүнд яллах дүгнэлт танилцуулсаны дараа тэрээр нөхөддөө хандан: “Хайрт анд найзууд минь! Сүүлийн өдрүүдэд Мюнхений Прокурорын II газраас надад бусдыг санамсаргүй алсан хэрэгт буруутган ял төлөвлөснийг хэвлэл, радиогийн бүх хэрэгсэл, бүх сувгаар мэдээллээ. Намайг 1949 оны төгсгөлд сүрьеэ өвчтэй арван долоон настай охинд эдгээж өгнө гэж амлан, сувиллын газар болон эмчид очиход нь саад хийсэн гэсэн худал мэдүүлэг өгсөн байна. Намайг энэ залуухан хүүхдийн үхэлд буруутгаж байгаа юм байна. Энэ мэдээллийг уншсан эсхүл сонссон саруул ухаантай хэн боловч үүгээр ямар зорилго тавьсаныг нь ойлгох байх: Миний найз нөхдийн дунд төөрөгдөл төрүүлж, бүх тусламж хайгчдыг миний тунхаглан зарладаг мэдлэг оюунтай ойртон танилцахаас урьдчилан сэргийлэх гэж байна. Бүхий л хэрэгслэлийг ашиглан миний, Грёнингийн Холбоо болон та бүгдийн идэвхтэй үйл ажиллагаанд саад болохыг оролдож байна. Мэдээж хэрэг, бүх зүйл тэдний тайлбарлаж буйгаас огт өөр байгаа! Би хэзээ ч “эдгээх амлалт” өгдөггүй ба эмчид үзүүлэхийг хориглодоггүйг миний анд нөхөд та бүхэн мэддэг тул тодорхой тайлбарлах шаардлагагүй” гэж хэлж байжээ.
Мөрдөн байцаалтыг хэвийн бус байдлаар хожмоо үргэлжлүүлсэн нь
Грёнинг үргэлжлүүлэн найз нартаа: "Надад тохсон хэргийг 1952 онд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл аль хэдийн 1949/1950 оны сүүлээр болсон ‘Куфусын хэрэг’-т хамаатай хэргийн бүх баримтууд хэдийгээр бэлэн байсан ч 1951/1952 онд миний эсрэг болсон шүүх хурлын үеэр тэдгээрийг гаргаж ирээгүй нь хачирхалтай биш байна гэж үү! Миний эсрэг шүүх хурал явуулахын тулд мөрдөн байцаалт эхлүүлсэн нь өдөр нь Грёнингийн Холбоо мурнауд байгуулагдсаныг олон нийтэд мэдэгдсэн 1953 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөртэй цаг хугацааны хувьд давхцаж буй нь ч жигтэй биш гэж үү! Тодруулбал 1954 оны нэгдүгээр сараас хойш олон бүлгийн ахлагч нар, анд нөхөд, түүнчлэн Холбооны гишүүдийг цагдаагийн гүйцэтгэх ажлын шугамаар байцааж, мөрдөн мөшгөж байсан". хэмээн мэдэгджээ.
Өмгөөлөх талын гэрчүүдээс татгалзаж, яллах талын гэрчүүдэд найр тавьсан нь
Шүүх хурлын бэлтгэл ажил хоёр жил гаруй үргэлжилжээ. Бруно Грёнингийг өмгөөлөх үйл ажиллагаанд хүндрэл учруулж байв. Өмгөөлөх талын бараг бүх гэрчээс татгалзсан боловч яллах талын гэрчүүдийг зөвшөөрч байжээ. Тэдний дунд өмнө нь Грёнингтэй хамтран ажиллаж байсан Ойген Эндэрлин, Отто Мэкэлбург нар байв. Ялангуяа эхний шүүх хурлын үед хам хэрэгтэн байсан Мэкэлбург Грёнингийн эсрэг маш хатуу зогсож байв. Тэр түүнийг буруутгаж, хэрэгтэн болгох бүх л зүйлийг хийсэн байв. Бусдыг санамсаргүй алсан зүйл ангиар түүнийг яллахад тэр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Харин энэ хэрэг түүнийг Грёнингийн "Менежерийн үйл ажиллагаа"“ явуулж байх үед тохиолджээ.
Рут Куфусын маргаан дагуулсан будлиант хэрэг
1949 оны арван нэгдүгээр сард Хадгаламжийн банкны ажилтан Эмиль Куфус хоёр уушиг нь сүрьеэгээр өвдөж шаналсан арван долоон настай охин Рутын хамт Грёнингийн лекцэнд ирсэн байна. Грёнинг охинд юугаар ч туслах боломжгүйг тэр даруй мэдсэн тул тэнд хамт байсан эмчид энэ тухай хэлсэн байна. Харин Мэкэлбург түүнд хүчтэй дарамт үзүүлж, өвчтөнийг хүлээн авахыг шаардсан юм. Ингээд лекцийн дараа Бруно Грёнинг Рут Куфусын хооронд хувийн уулзалт болжээ. Грёнинг өвчтөнийг зоригжуулж, есөн хоногийн дараа мэргэжлийн эмчид үзүүлэхийг ааваас нь шаардсан байна. Үүгээр тэр эмч нарын тухай сонсохыг хүсэхээ больсон охиныг дахин эмнэлгийн хараанд байлгахыг хүссэн юм. Аав нь ч үүнийг зөвшөөрсөн байна.
Үүний дараа Мэкэлбург тэдний захидлыг замаас нь авдаг байсан ба улмаар захидлуудыг Бруно Грёнингт өгдөггүй байж. 1950 оны тавдугаар сард л тэрээр Рут Куфусын талаар дахин сонсжээ. Энэ хугацаанд эцэг нь Грёнингт тусламж хүссэн олон захидал илгээж, уулзалтын цаг хүсчээ. Мэкэлбург захидлуудыг цааш нь дамжуулдаггүй байсан ба Грёнингийг мэдээгүй байхад нь дур мэдэн ноён Куфустэй уулзах цаг тохирсон байна. Тэгээд цагаа тулгаж байгаад Мэкэлбург Грёнингт энэ тухай мэдэгдэж, заавал хамт явж уулзахыг шаардсан байжээ.
Хожим нь Мэкэлбург Бруно Грёнинг охинд эдгээх амлалт өгсөн гэж мэдүүлсэн юм. Гэтэл Грёнингөөр охиныг нь эдгээж өгнө гэж аавд нь итгэлтэй хэлж байсан хүн нь тэр өөрөө байсан юм. Мэкэлбург хадгаламжийн банкны ажилтныг мөнгөний сайн эх үүсвэр гэж хараад ашиглахыг хүссэн ба үүнд нь Грёнинг хэрэгтэй байжээ. Энэ уулзалтын дараа удалгүй Грёнинг Мэкэлбургээс салсан байна.
Бруно Грёнингийг буруутгаж байсан ноцтой асуудлуудын нэг нь тэрээр Рут Куфусыг эмч нараар эмчилгээ хийлгэхийг нь хориглосон гэсэнд байв. Гэвч анхны уулзалтан дээрээ л тэр охиныг эмчид үзүүлэх хэрэгтэй гэж байсан нь дээрхийн эсрэг бодит үнэн байсан бөгөөд үүнийг хэрэгтний гэрчүүд ч баталж байв. Мөн 1949 оны намар радиогоор үг хэлэхдээ тэрээр хүмүүсийг "Эцсээ хүртлээ эмчид үзүүлж байх ёстой”-г уриалж байжээ. Тусламж хайгчдад өөрийн эмч нартаа үргэлж итгэл бэлэглэж байхыг зөвлөдөг байсан юм.
Рут Куфус өмнө нь хэд хэдэн хүнд хэцүү, үр дүнгүй эмчилгээ хийлгэж байсан бөгөөд цаашид дахин эмчлүүлэхээс өөрөө татгалзсан байна. Рут 1950 оны арван хоёрдугаар сарын 30-нд өвчний улмаас нас баржээ.
Эмнэлгийн дүгнэлт эдгэрэх найдваргүй байсныг баталсан
Рут Куфусын хэргийн талаар доктор Отто Фрайхофер анагаах ухааны үүднээс дүгнэлт хийж тайлбарлахдаа: “Эрүүл ухаанаар авч үзэх юм бол Зекингены эрүүл мэндийн газраас мэдэгдсэнчлэн, эмч нарын хийсэн шинжилгээгээр "амь насанд аюултай" буюу "гарцаагүй аюул" гэж нотлогдсон ийм “маш хүнд байдал”-д байж байгаад эдгэрнэ гэдэг яаж ч бодоод найдваргүй зүйл юм. Үүний нэгэн адил хичнээн үнэнч шударга, “уур хилэн, хичээл зүтгэлтэй” сэтгэлгээ сайтай эмч хамгийн сүүлийн үеийн шинэ эмээр байгалийн хүчийг зогсоож чадна гэдэгтээ итгэл дүүрэн биш бол Мюнхений профессор ноён Лудтын “1949 оны арван нэгдүгээр сарын 5-наас өмнө эдгэрэх магадлал өндөр байсан гэж хэлэх боломжгүй” гэсэн дүгнэлттэй санал нэгдэх байх. Миний бодлоор өвчтөн 1950 оны арван хоёрдугаар сарын 30-н хүртэл амьдарсан нь гайхмаар зүйл бөгөөд амьдралыг нь уртасгахад Грёнингийн нөлөө байсан байж болох юм. Шинжээчийн дүгнэлтүүдийг нийтэд нь базаад эцэст нь өөрийн дүгнэлтээ хэлэхэд: “Хэрвээ Грёнинг тэр эмэгтэйн дэргэд ерөөсөө байгаагүй байсан бол ’эдгэрэх боломж байсан’ гэх, ’мөн өвчтөн Куфус илүү урт удаан амьдрах байсан’ гэдгийг урьдчилан батлах боломжгүй учраас ингэж шаардах ч эрхгүй юм.”
Шүүхийн шийдвэр амжилтгүй болов
1957 онд долдугаар сарын сүүлээр Мюнхен мужийн шүүхийн тангарагтны танхимд шүүх хурал болжээ. Бруно Грёнингийн бусдыг санамсаргүй алсан хэргийг хэрэгсэхгүй болгов. Харин уламжлалт эмчилгээний хуулийг зөрчсөн хэрэгт 2000 дойч маркын мөнгөн торгууль ногдуулжээ.
Шүүхийн шийдвэрийг өнгөцхөн харахад эерэг харагдах хэдий ч түүний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл байсан юм. Учир нь түүний үйл хэргийг бүрмөсөн хорьсонтой утга нэг байв. Шүүхийн шийдвэрийг Грёнингөөс илүү эерэг гэж үзэж байсан түүний өмгөөлөгчийн буруугаас болж, тэрээр давж заалдах гомдол гаргаагүй ба харин улсын яллагчид гомдол гаргажээ. Хоёр дахь шүүх хурал 1958 оны нэгдүгээр сарын дундуур дахин Мюнхен хотноо болсон байна.
Грёнингийн Холбоо
Холбоо байгуулснаар үйл ажиллагаагаа саадгүй явуулах найдвар
Эдгээхэд хориг тавьсан хэдий ч тавиад оны эхээр Бруно Грёнинг аль болох олон хүнд хүрэхийн тулд бүлгүүд байгуулж эхэлжээ. Тэнд тэрээр зөвхөн лекц уншиж, тусламж хайгчдад өөрийн мэдлэгээ уламжлахад бүхий л хүчин чармайлтаа чиглүүлж байв.
Хуулийн хамгаалалт ба нэр хүнд бүхий Удирдах зөвлөл
1953 оны арван нэгдүгээр сарын 22-нд тэрээр удирдах дээд байгууллага болох Грёнингийн Холбоог Зэйхаузен дахь Мурнауд байгуулжээ. Холбоо нь төрийн бус байгууллагуудын бүртгэлд бүртгэгдэж, Бруно Грёнингийн үйл хэргээ явуулахад нь хууль эрх зүйн хамгаалалт болох ёстой байв. Ингэснээр дахин уламжлалт эмчилгээний хуультай зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдүүлэх ёстой байв.
Грёнингийн Холбооны Удирдах зөвлөлд Цеппелин гүн, Матушка гүн, Анни Фрайн Эбнер фон Эшенбах, Зөвлөх инженер Херманн Ридингер, Константин Вайсер захирал нар байжээ. Эхний үед үүсгэн байгуулагчдын нэг Рудольф Бахманн ч байсан боловч нэг их удалгүй түүнийг зайлуулжээ. Бруно Грёнингийг насан туршид нь Ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Холбооны нарийн бичгийн даргын ашгийн төлөөх шунал өвчтөнүүдийн биеийн байдлаас чухалд тооцогдов
Хайделбергийн сэтгүүлч, багш Эгон Артур Шмидт Холбооны нарийн бичгийн дарга болжээ. Тэрээр бүр Херфордод байхаас л "шидэт эмч"-тэй ойр байсан бөгөөд Бруно Грёнингийн анд нөхдийн тойрог Холбоо байгуулж байсан юм. Гэвч энэ байгууллага Бруно Грёнингийн хүссэнээр ажиллаж чадаагүй учраас богино хугацааны дараа татан буугдаж байжээ. Тэр үед Шмидт хандивын мөнгө шамшигдуулсан тул Грёнинг түүнээс салсан байна.
1952 онд Шмидт Грёнингт дахин хандаж, алдаагаа ойлгосон гэж мэдэгдсэн байна. Тэрээр ажил үйлст нь туслахыг хүссэн тулд Бруно Грёнинг түүнийг дахин авч ажиллуулжээ. Энэ нь Шмидтэд өвчтөнүүдийн биеийн байдал чухал уу, өөрийнх нь санхүүгийн ашиг чухал уу гэдгийг харуулах боломж байсан юм.
Шмидтийн сэтгэл огт өөрчлөгдөөгүй байсан учраас 1955 онд Бруно Грёнинг түүнийг ажлаас нь халсан байна. Тэрээр урьдын адил Грёнингийн ур чадвараар ашиг олохыг оролдож байв. Халагдсаныхаа дараа тэрээр Грёнингийг хэд хэдэн удаа шүүхэд өгч, сайн дураараа хамтран ажилласныхаа төлөөх мөнгийг авахыг хүсэж байжээ.
Хэн хэний төлөө, яах гэж байна вэ – Холбоо Грёнингийн үйл хэргийн төлөө юу, Грёнингийн үйл хэрэг Холбооны төлөө юу?
Холбооны гүйцэтгэх удирдлагыг Константин Вайсер, Херманн Ридингер нар авчээ. Тэдний боловсрол, харьцааны соёл нэг талаас Бруно Грёнингийн ажил үйлст цаашид тус дэм болох юм шиг санагдаж байв. Гэвч нөгөө талаас боловсролын түвшин ижил бус байсан нь тэд жирийн ажилчин хүний хүсэл тэмүүллийн эсрэг хэт бардам , дээрэнгүй байдлаар хандах аюул дагуулж байлаа.
Цаг хугацаа өнгөрөх тусам цаашдын хөгжил үнэндээ тэр зүгт явж, энэ хоёр эрхэмийн хувьд Бруно Грёнингийн үгийг хүлээж авахад улам бүр хэцүү болж байсан юм. Тэд Холбоо нь зөвхөн Грёнингийн нэртэй төдийгүй бүхэлдээ түүний төлөө байгуулагдсан гэдгийг умартсан мэт аашилцгаасан аж. Тэдний хувьд яваандаа Грёнингийн Холбоо нь өөрийн зорилго болжээ. Холбооны туйлын зорилго болох зовсон олон түмэнд туслах асуудлыг тэд бүхэлд нь орхигдуусан байна. Тэд эдгэрэл нь Холбоо бус, харин Грёнингийн ажлын нөлөөгөөр хийгдэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харагдаж байлаа.
Ийнхүү Грёнингийн Холбоо нь байх ёстойгоосоо эсрэг тийш илүү их хөгжсөн байна. Нэрээр нь нэрлэгдсэн холбоо нь шорон шиг болж, уг хүнийхээ үйл ажиллагааг саадгүй чөлөөтэй болгохын оронд улам бүр хавчих болжээ.
Эмчлэхийг хориглосон анхны шүүхийн ажиллагаа (1951-1952)
Грёнингийн үйл анагаах ухааны үүднээс анагаах үйл ажиллагаа байсан уу?
Анагаах үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулсан хэрэгт буруутгагдсан нь
1951-52 онд Бруно Грёнинг эдгээх үйл ажиллагаа зөвшөөрөлгүй явуулсан хэрэгт буруутгагдан шүүхийн хаалга татжээ. Баваарын Дотоод хэргийн яам 1949 онд Грёнингийн үйл нь “буяны, үнэ төлбөргүй үйл” гэж тэмдэглэж байсан бол одоо анагаах ухааны үүднээс анагаах үйл ажиллагаа гэж дүгнэжээ.
Яллах дүгнэлт нь 1939 оны уламжлалт эмчилгээний хуулийг иш үндэс болгосон ба уг хуулиар тэр үе хүртэл чөлөөтэй байсан анагаах үйл ажиллагааг үндэсний социалист үзэлт эмч нарын гарт өгсөн юм.
Уламжлалт эмчилгээний хуулийг зөрчсөн Тийм ба Үгүй
Бруно Грёнингийн хэргийг анхан ба давж заалдах шатны шүүхэд хэрэгсэхгүй болгожээ. Мюнхен мужийн шүүхийн даргын 1952 оны гуравдугаар сарын тогтоолд:
„Шүүх нь шүүгдэгчийг зөвхөн нэг талыг баримталсан дүгнэлтэнд үндэслэн яллахаас зайлсхийж байна. Учир нь Грёнингийн үйл нь ерөөсөө уламжлалт эмчилгээний хуулинд хамаарах эсэх нь эргэлзээтэй бөгөөд өнөө хүртэл харьцангуй бага судлагдсан салбарт хамрагдаж байна” гэсэн байна.
Хяналтын шатны шүүх хурлаар хэргийг хэрэгсэхгүй болгосныг баталгаажуулсан боловч Бруно Грёнингийн үйлийг уламжлалт эмчилгээний хуулийн дагуу анагаах үйл ажиллагаа хэмээн тодорхойлсон байна:
“Шүүгдэгч нь эмч биш байж, зөвшөөрөлгүйгээр уламжлалт эмчилгээний хуулийн дагуу анагаах үйл ажиллагаанд тооцогдох онош тогтоох, эмчлэх, эсхүл хүний өвчин зовлонг намдаах, биеийн бэртэл гэмтлийг эдгээх үйл ажиллагаа явуулсан байна.[...]”
Гэм бурууг тогтоох боломжгүй төөрөгдөл нь эдгээх хориг тавьсантай утга ижил
Шүүхийн тогтоолд цааш нь: “Анагаах үйл ажиллагаа эрхэлсэн бодит нөхцөл байдалд тэрээр гэм бурууг тогтоох боломжгүй төөрөгдөлд байсан учраас санаатай үйлдэл хийсэн гэж үзэх үндэсгүй тул шүүгдэгчийг яллах боломжгүй” гэжээ.
Бруно Грёнингийг гэм бурууг нь тогтоох боломжгүй төөрөгдөлд байсан гэдгийг шүүхийн тогтоолоор тогтоосон учраас энэ нь хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч эдгээхийг хориглосон шүүгчийн хоригтой утга ижил болжээ. Энэ цаг мөчөөс эхлэн Бруно Грёнинг өөрийнх нь хийж буй үйл нь уламжлалт эмчилгээний хуулийн дагуу анагаах үйл ажиллагаа учраас хориотой гэдгийг мэдэх ёстой болжээ. Түүний үйлийн үнэнхүү мөн чанар, түүний эдгээх арга барилыг анагаах ухааны үүднээс анагаах үйл ажиллагаатай ямар ч холбоогүй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
Луйварчдыг тэвчин өнгөрүүлдэг байсан
Бруно Грёнинг бүх хүмүүст эргэн өөрчлөгдөх боломж олгосон
Албадлагаар өгөх мөнгөн төлбөр – хамт ажиллагсад нь үнэн төрхөө харуулсан нь
Хүмүүс дэмжлэг үзүүлэх нэрийдлээр Бруно Грёнингт ойртсоор байлаа. Гэвч тэдний ихэнх нь түүний авьяас чадвараар зөвхөн ашиг орлого олох л сонирхолтой байсан юм. Түүнд иймэрхүү хүмүүс өөрийн эрхгүй татагдаж байлаа. Хэрвээ тэд зорилгодоо хүрч чадахгүй бол эсвэл Грёнинг тэднээс салсан тохиолдолд түүнийг олон дахин шүүхэд өгч, түүнээс албадан мөнгө гаргуулахыг оролдож байсан.
Жишээлбэл, хатагтай Хюлсманн нөхрийн хамт 1949 оны гуравдугаар сард хүүгий нь эдгээсэнд баярласан сэтгэлийн илэрхийлэл болгон Бруно Грёнингийг Херфорд дахь гэртээ зочноор авсан байдаг. Дараа нь тэрээр Грёнингөөс мөнгө олж чадахгүйгээ мэдэнгүүт түүний талаар хөдөлмөрийн шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр түүнийг гэртээ үнэ төлбөргүй байлгасан хугацаагаа ажлын цагт тооцож, цалингаа нэхэмжилжээ. Бруно Грёнинг амьдралынхаа туршид үхэн үхтэлээ түүнд сар бүр төлбөр төлж байсан аж. Энэ бол ганц тохиолдол биш байв. Иймэрхүү эсвэл үүнтэй төстэй хэлбэрээр түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс өөрийн үнэн нүүр царайг харуулж байлаа.
“Хүн гэж хэн бэ гэдгийг олж мэдэхийн тулд ийм хүмүүс байх шаардлагатай”
Харин Бруно Грёнинг яагаад ийм санаатай туслахуудыг өөртөө ойр байлгасан бэ? Яагаад иймэрхүү “мөнгө хийгчдийг” өөрөөсөө хол байлгаж болоогүй юм бол? Мюнхенд 1950 оны наймдугаар сарын 30-нд болсон лекцэндээ энэ асуудлаар тайлбар хийхдээ тэрээр: “Хүмүүс энэ жижигхэн хүний мэдлэг болон чадварыг нь ашиглан мөнгө олох оролдлого хийхээ ч орхихгүй юм. Тэд алтны уурхай олсон гэж бодож байсан. Тэдний зарим нь мөнгө олох боломжтой байсан хэдий ч бурханы авралаар энэ нь ашиггүй байсан юм. Хүн гэж хэн бэ гэдгийг олж мэдэхийн тулд ийм хүмүүс ч байх шаардлагатай бөгөөд хүний хүүрэн дээгүүр тоох ч үгүй алхан гарч, өвчтэй хүнээс танд туслах уу, үгүй юу гэж ч асуудаггүй хүмүүс байдаг. Хүүрэн дээгүүр гишгэн гарч, хэвтэж байгаа өвчтэй хүнийг зүгээр хараад өнгөрөх хүмүүс байдаг л юм. Ийм хүмүүс хэзээ тэр талаар асуудаггүй бөгөөд миний ойр орчинд байх оролдлогоо ч орхихгүй юм. Би олон газар “Тиймээ, хэрвээ энэ хүн үнэхээр их зүйлийг мэддэг юм бол яагаад үүнийг мэдсэнгүй вэ, аягүй бол тэр юу ч мэддэггүй байх” гэсэн асуулт гарч байдгийг мэднэ. Би мэдэж байж уу, үгүй юу гэдгийг та аажимдаа ойлгох болно. Гэвч энэ бол байх ёстой зүйл юм. Та бүхний замыг чөлөөлөхийн тулд ийм зүйл дутагдаж байжээ.”
“... дараа нь хүн бүр тэд хэн байв гэдгийг мэдэж авна”
Грете Хойслер (1922-2007), эдгэрэгч, Бруно Грёнингийн олон жилийн хамтран зүтгэгч бөгөөд “Бруно Грёнингийн - Анд нөхдийн хүрээлэл”-ийг үүсгэн байгуулагч. Тэрээр Бруно Грёнингийн болон түүний эргэн тойрон дахь бодит үнэн номондоо: “Би нэгэн удаа Бруно Грёнингд баяртай гэж хэлээд, сайн сайхныг хүсэнгээ: “Ноён Грёнинг, би танд өөрийн үйл хэргээ амар тайван хийгээсэй гэж хүсэж байна, мөн буруу хүмүүсийг өөртөө битгий ойр байлгаарай” гэж хэлтэл, “Маш буруу, ийм байх ёстой” гэж намайг гайхширтал хариулсан билээ. Тэр үед би түүнийг ойлгоогүй бөгөөд тэрээр яагаад энэ бүхнийг хийж, тэсвэрлэх ёстойгоо харин надад тайлбарлаж өгсөн юм. Үүгээрээ тэр надад маш том нууцыг тайлж өгсөн: “Хүн бүр өөртөө юу үүрч явдагийг би сайн мэднэ. Хэрэв би хүмүүст хандан ‘Энэ бол худалч, энэ бол луйварчин, хулгайч гэж хэлбэл хэн ч надад итгэхгүй. Би юу хийх ёстой вэ? Би эдгээр хүмүүсийг өөртөө татаж, сайн үйлд сурган, эргэн өөрчлөгдөх зүг рүү нь хөдөлгөнө. Тэгээд тэдэнд худал хэлэх, луйвардах, хулгай хийх боломжийг нь олгоно. Хэрвээ тэд муу үйлээ хийсээр байвал тэднийг хэн бэ гэдгийг бүгд мэдэх болно. Харин би тэднийг өөртөө улам бүр ойртуулах ба би айдаггүй тул тэдэнтэй тэмцэнэ’” гэж бичжээ.
Шинэ арга зам ба мухардал
Грёнингөөр наймаа хийгчид
Тусгай эрхтэй, өөрийгөө Грёнингийн менежер хэмээгч
Эхнэрээ эдгээж өгсөнд талархсан Вангероогегийн бизнесмэн Отто Мэкэлбург Бруно Грёнингт дэмжлэг үзүүлж, эмчилгээний газар байгуулах тодорхой төлөвлөгөөг түүнд үзүүлсэн байна. Бруно Грёнинг үүнийг зөвшөөрч, Мэкэлбург түүний “Менежер” боллоо.
12-р сарын сүүлээр тэр хоёр Вангерооге руу явжээ. Тэнд очоод Мэкэлбургийн зохион байгуулсан арга хэмжээнүүдэд Грёнинг оролцож, тоо тоймшгүй олон эдгэрлийн үйл хийжээ. Бруно түүнд бүрэн итгэж байлаа. 1950 оны 1-р сарын 8-нд Вангероогед хийсэн албан ёсны баталгаажсан мэдэгдэлдээ тэрээр өөрийн ирээдүйн үйл хэргийг Мэкэлбургийн гарт бүрэн даатгаснаа зарласан байна:
“Ноён Грёнинг ноён Мэкэлбургийн энэхүү төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, ноён Мэкэлбургийн санаачилсан холбоог үүсгэн байгуулахад болон тус холбооны ирээдүйн үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг хүлээх ба энэ зорилгод өөрийн бүх хүч чадлыг дайчлан ажиллана. Энэ үүргийг ноён Грёнинг ноён Мэкэлбургийн өмнө хувь хүнийх нь хувьд хүлээхээс гадна дээр дурдсан зорилгоор үүсгэн байгуулагдах холбооны өмнө ч хүлээнэ. Үүний зэрэгцээ ноён Грёнинг энэхүү хүлээсэн үүргээ бусад хүн, бусад хүмүүст ашиглуулж болохгүй. Тэрээр өөрийн үйл хэргийг зөвхөн холбооны эрхлэх ажлын хүрээнд, ноён Мэкэлбургтэй тохиролцож хийнэ."
Нэгдүгээр сардаа багтаан Мэкэлбург Грёнингийн анагаах арга барилыг судлах холбоо байгуулжээ. Тэрээр өөрөө гүйцэтгэх захирал болж, сар бүр 1000 дойч маркын цалин авч байжээ. Бруно Грёнинг ямар ч мөнгө авч байсангүй. Энэ нь Мэкэлбург амлалтаа биелүүлэхгүй байгааг харуулж байв. Тэрээр Грёнингийг зөвхөн мөнгөний эх үүсвэр гэж хардаг байсан ба түүнийг шоолон "жүчээн дэх шилдэг морь" хэмээн нэрлэгдэг байжээ. Өвчтөнүүд түүний хувьд хэн ч биш байв. Тэрээр Грёнингийг гэрээгээр далимдуулан өөртөө уяж, "гайхамшигт эдгээгч" түүний шаардсаныг хийх ёстой болсон юм.
Зөвхөн 1950 оны зургаадугаар сард Грёнинг Мэкэлбургээс салж чадсан бөгөөд үүнээс болж Мэкэлбург түүнээс өшөө авахаар "Би удахгүй Грёнингийг буулгаж авна. Би түүний бүх хавиргыг хугална" гэж тангараг тавьсан байна.
Лекц унших санал хүлээн авсан уламжлалт аргаар эмчлэгч
Үүний дараа Грёнинг Мюнхений уламжлалт эмчилгээний эмч Ойген Эндэрлинтэй хэдэн сарын турш хамтран ажиллажээ. Тэрээр Траберхофт эдгэрэл хүртсэн нэгэн байсан агаад Бруно Грёнингт түүний эмнэлэгт лекц унших санал тавьжээ. Гэвч Эндэрлин ч наймаа эрхлэгч нэгэн байсан нь тогтоогдсон юм. Тэрээр Грёнингт туслахыг хүсээгүй, харин “Грёнингийн гайхамшигт үзэгдэл”-ийг ашиглан мөнгө хийхээр санаархаж байсан юм. Тухайн оны сүүлээр Грёнинг түүнтэй ажиллахаа больсон ба 1952/53 онд дахин хамтран ажиллах оролдлого хийсэн ч өнөөх шалтгаанаас болоод бүтэлгүйтсэн билээ.
Гэнэт тодорсон эдгээгч
Дараа нь Грёнинг Грэхэлфинг хотын Вайкерсхайм зочид буудалд лекц уншдаг болжээ. Сэтгүүлч, доктор Курт Трамплер түүнийг гэртээ хүлээн авч, уулзалтуудыг зохион байгуулдаг байв. Тэрээр Грёнингийг 1949 оны намраас таньдаг байсан юм. Тэр үед тэрбээр Траберхофт Мюнхений нэгэн сонины сэтгүүлчийн хувьд хүрэлцэн ирж, хөлний өвчнөөсөө салсан юм. Баярлаж талархасныхаа төлөө тэрээр Их эргэлт нэртэй ном бичиж, төрийн байгууллагуудын өмнө Грёнингийн төлөө зүтгэж байжээ. Эндэрлинтэй хамт байсан үеийнх шиг Грэхэлфинг дэх лекцэнд хүмүүс их оролцдог байв. Итгэж, үнэмшихийн аргагүй эдгэрлүүд тохиолдож байжээ. Гэвч Трамплертай мөн л холбоогоо тасалсан юм. Тэрээр нэг л өдөр Грёнингөөс сурах зүйлээ сурчихлаа гээд түүнээс салж, өөрөө хүн эдгээдэг болсон аж.