Шинэ арга зам ба мухардал

Грёнингөөр наймаа хийгчид

Бруно Грёнинг, Отто Мэкэлбург

Тусгай эрхтэй, өөрийгөө Грёнингийн менежер хэмээгч

Эхнэрээ эдгээж өгсөнд талархсан Вангероогегийн бизнесмэн Отто Мэкэлбург Бруно Грёнингт дэмжлэг үзүүлж, эмчилгээний газар байгуулах тодорхой төлөвлөгөөг түүнд үзүүлсэн байна. Бруно Грёнинг үүнийг зөвшөөрч, Мэкэлбург түүний “Менежер” боллоо.

12-р сарын сүүлээр тэр хоёр Вангерооге руу явжээ. Тэнд очоод Мэкэлбургийн зохион байгуулсан арга хэмжээнүүдэд Грёнинг оролцож, тоо тоймшгүй олон эдгэрлийн үйл хийжээ. Бруно түүнд бүрэн итгэж байлаа. 1950 оны 1-р сарын 8-нд Вангероогед хийсэн албан ёсны баталгаажсан мэдэгдэлдээ тэрээр өөрийн ирээдүйн үйл хэргийг Мэкэлбургийн гарт бүрэн даатгаснаа зарласан байна:

“Ноён Грёнинг ноён Мэкэлбургийн энэхүү төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, ноён Мэкэлбургийн санаачилсан холбоог үүсгэн байгуулахад болон тус холбооны ирээдүйн үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг хүлээх ба энэ зорилгод өөрийн бүх хүч чадлыг дайчлан ажиллана. Энэ үүргийг ноён Грёнинг ноён Мэкэлбургийн өмнө хувь хүнийх нь хувьд хүлээхээс гадна дээр дурдсан зорилгоор үүсгэн байгуулагдах холбооны өмнө ч хүлээнэ. Үүний зэрэгцээ ноён Грёнинг энэхүү хүлээсэн үүргээ бусад хүн, бусад хүмүүст ашиглуулж болохгүй. Тэрээр өөрийн үйл хэргийг зөвхөн холбооны эрхлэх ажлын хүрээнд, ноён Мэкэлбургтэй тохиролцож хийнэ."

Нэгдүгээр сардаа багтаан Мэкэлбург Грёнингийн анагаах арга барилыг судлах холбоо байгуулжээ. Тэрээр өөрөө гүйцэтгэх захирал болж, сар бүр 1000 дойч маркын цалин авч байжээ. Бруно Грёнинг ямар ч мөнгө авч байсангүй. Энэ нь Мэкэлбург амлалтаа биелүүлэхгүй байгааг харуулж байв. Тэрээр Грёнингийг зөвхөн мөнгөний эх үүсвэр гэж хардаг байсан ба түүнийг шоолон "жүчээн дэх шилдэг морь" хэмээн нэрлэгдэг байжээ. Өвчтөнүүд түүний хувьд хэн ч биш байв. Тэрээр Грёнингийг гэрээгээр далимдуулан өөртөө уяж, "гайхамшигт эдгээгч" түүний шаардсаныг хийх ёстой болсон юм.

Зөвхөн 1950 оны зургаадугаар сард Грёнинг Мэкэлбургээс салж чадсан бөгөөд үүнээс болж Мэкэлбург түүнээс өшөө авахаар "Би удахгүй Грёнингийг буулгаж авна. Би түүний бүх хавиргыг хугална" гэж тангараг тавьсан байна.

Лекц унших санал хүлээн авсан уламжлалт аргаар эмчлэгч

Үүний дараа Грёнинг Мюнхений уламжлалт эмчилгээний эмч Ойген Эндэрлинтэй хэдэн сарын турш хамтран ажиллажээ. Тэрээр Траберхофт эдгэрэл хүртсэн нэгэн байсан агаад Бруно Грёнингт түүний эмнэлэгт лекц унших санал тавьжээ. Гэвч Эндэрлин ч наймаа эрхлэгч нэгэн байсан нь тогтоогдсон юм. Тэрээр Грёнингт туслахыг хүсээгүй, харин “Грёнингийн гайхамшигт үзэгдэл”-ийг ашиглан мөнгө хийхээр санаархаж байсан юм. Тухайн оны сүүлээр Грёнинг түүнтэй ажиллахаа больсон ба 1952/53 онд дахин хамтран ажиллах оролдлого хийсэн ч өнөөх шалтгаанаас болоод бүтэлгүйтсэн билээ.

Гэнэт тодорсон эдгээгч

Дараа нь Грёнинг Грэхэлфинг хотын Вайкерсхайм зочид буудалд лекц уншдаг болжээ. Сэтгүүлч, доктор Курт Трамплер түүнийг гэртээ хүлээн авч, уулзалтуудыг зохион байгуулдаг байв. Тэрээр Грёнингийг 1949 оны намраас таньдаг байсан юм. Тэр үед тэрбээр Траберхофт Мюнхений нэгэн сонины сэтгүүлчийн хувьд хүрэлцэн ирж, хөлний өвчнөөсөө салсан юм. Баярлаж талархасныхаа төлөө тэрээр Их эргэлт нэртэй ном бичиж, төрийн байгууллагуудын өмнө Грёнингийн төлөө зүтгэж байжээ. Эндэрлинтэй хамт байсан үеийнх шиг Грэхэлфинг дэх лекцэнд хүмүүс их оролцдог байв. Итгэж, үнэмшихийн аргагүй эдгэрлүүд тохиолдож байжээ. Гэвч Трамплертай мөн л холбоогоо тасалсан юм. Тэрээр нэг л өдөр Грёнингөөс сурах зүйлээ сурчихлаа гээд түүнээс салж, өөрөө хүн эдгээдэг болсон аж.

Dokumentarfilm

Баримтат кино:
“Бруно Грёнингийн гайхамшигт үзэгдэл”

кино дэлхий даяар олон хотын кино театрт гарч байна

Grete Häusler-Verlag

Грете Хойслер хэвлэл: Ном, сэтгүүл, CD, DVD, хуанлийн өргөн сонголт бий

fwd

Эрдэмтэд үг хэлж байна: Бруно Грёнингийн сургаалийн талаарх сонирхолтой үзэл баримтлалууд